Хулгайчтай зарласан тэмцэл

Энхбаясгалан | speaker.mn
2023-01-12 19:44:45

Саяхан л тэрбум тэрбумаар яригдаж байсан улс төрчдийн хулгай их наядаар үнэлэгдэх болов. Нүүрсний хулгай гэх дөчин дөрвөн их наядаар үнэлэгдэх дүнтэй алдагдсан боломжийн хулгайн талаар манай улсын ерөнхий сайд анх төрийн ордноос шүгэл үлээсэн гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу Монгол улсын сайд Д.Амарбаясгалан нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж жагссан иргэдийн төлөөлөлтэй гавъяа булаалдаад байх шиг хэлэх ярих бүртээ амнаасаа анх засгийн газар шүгэл үлээсэн гэх хэдэн үгс унагах болсон. Үнэхээр л анх засгийн газар шүгэл үлээсэн шигээ нүүрсний хулгайчтай зарласан тэмцлээ бодит үр дүнд хүргэх шаардлагатай. Тэгэж гэмээнэ хүсээд байгаа гавъяагаа хүртэж 2024 оны сонгуулиар ард иргэдийнхээ өмнө зогсох нэр нүүртэй болно. Харин энэ янзаараа экс ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй арван долоон хүний нэрс зарласан шигээ эл хэргийг намын эв нэгдлийг бодоод замхруулаад өнгөрвөл 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ард түмнээрээ дүнгээ тавиулаад гудманд гарах бэлтгэлээ базаах хэрэгтэй болох биз. АТГ байгуулагдсан эхний жилүүддээ 1-2 хэрэг жилийн хугацаанд илрүүлдэг бол өнөөдрийн байдлаар 200 гаруй хэрэг шийдэж 100-200тэрбум төгрөг авилгалын улмаас алдагдсан хөрөнгийг улс эх орондоо буцаан авчирч байна хэмээн Монгол улсын хууль зүйн сайд “улаан бал” телевийзийн нэвтрүүлэгээр сэтгүүлч Лодойсамбуутай ярилцах үеэрээ ярьж ахиц дэвшил гарч байгаа тухай их л итгэлтэй ярьсан. Тэгвэл саяхан нүүрсний хулгайн хэрэгтэй зэрэгцээд  убтз-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг нэгжлэг хийн хураан авч С.Батдөлийг 48 цаг саатуулаад сулласанд дургүйцсэн иргэд МУ-ын Дээд шүүхийн гадаа жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлснээр уг этгээдийг 1 сар хүртэлх хугацаагаар цагдан хорьж түүнд 4 зүйл ангиар хэрэг бүртгэл нээж мөрдөх ажиллагааг эхлүүлээд буй. Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон С.Батдөл нь “энэ бол хөнгөн гэмт хэрэг. Заавал хорилгүйгээр шийдэх боломжтой” гэж мэдэгдсэн нь эгэл ардын насанд хүрээгүй балчир хүү ундаа хулгайлаад 10 жилийн хорих ял шийтгэгдэж байхад эрх мэдэлтнүүд 7.3 тэрбум төгрөг нуун дарагдуулж байсныгаа хөнгөн гэмт хэрэг гэж байгаа нь МУ-ын Үндсэн хуульд заасан хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэх хуулийн заалт цаасан дээр л буйг нотолсон хэрэг боллоо гэж үзэж буй юм. Тиймээс ч анх нүүрсний хулгайн талаар яригдаж 17 хүний нэр зарлагдсанаас хойш өдийг болтол нэг ч хүнд ямар зүйл заалтаар ямар үндэслэлээр хэрэг бүртгэл нээгдээд мөрдөн шалгах үйл явц ямар шатандаа явж буй талаар нэг ч удаа олон түмэнд мэдээлэл өгөөгүй нь дээрх С.Батдөлийн хэрэг шиг гахай илүү давуу эрх эдлэх юм биш биз гэх түгшүүрт байдалд ард иргэдийг хүргээд байна. Энэ нь ч иргэдийн хардалтыг улам бүр дэвэргэж буй. Иргэд хардах нь ч аргагүй. Тийм эрх нь ч бий. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд улс төрчид оролцсон авилга албан тушаалын гэмт хэрэгт хэчнээн хүн холбогдож хэдэн хүн ял авч хийсэн гэм нүглээ ард иргэдийнхээ өмнө наманчилсан билээ дээ. Сүр дуулиан болгож оймсыг нь гозолзуулсан Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрдөө буцаж ирж хүү нь одоо УИХ-ын гишүүн болоод явж байдаг. Н.Энхбаярыг хулгайчаар нь зарлаж сүр дуулиантайгаар баривчлах ажиллагаа зохион байгуулж байсан эрхэм ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч гутлаа тосолж гэрээсээ гарч хуулийн байгууллагын үүд татсан ч тосолсон гутлаа тайлалгүй гудамны тоосоор одоог болтол мялаасаар л явна. Харин түүнийг улсаас эрх мэдлээ ашиглан мөнгө идсэн гэж цоллож явсан экс ерөнхийлөгч Х.Баттулга маань 44 их наядаар үнэлэгдэх нүүрсний хулгайн загалмайлсан эцгээр зарлагдсан ч биеэ эмчлүүлэх нэрийдлээр эх орноо орхин гараад одоог болтол ирээгүй л явна. Өмнөхөө хулгайч хэмээн зарлаж өөрөө дээш явсан хүмүүс өмнөхөөсөө ч илүү том дүнтэй хулгайн хэрэгт нэр холбогддог уламжлал Монголын төрд тогтов уу гэлтэй. Энэ уламжлалыг ч эрхэм ерөнхийлөгч У.Хүрэлсүх маань эвдэхгүй харин ч үргэлжлүүлэх шинжтэйг сэтгүүлч Өнөрцэцэг нүүрсний хулгайг ухаад явахаар ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд очоод мухардаад байна гэсэн яриа батлаад байх шиг. Арга ч үгүй биз. Өнөөх айхтар нүүрсний хулгайг нууцад оруулсан оффтэйк гэрээ гэгчийг Х.Баттулга ерөнхийлөгч, Г.Занданшатар УИХ-ын дарга, У.Хүрэлсүх ерөнхий сайдын албыг тус тус хашиж дээрх албан тушаалтнууд ҮАБЗ гэгчийг бүрдүүлж байхдаа зөвлөмж гаргаж уг гэрээг засгийн газар нууцад авсан байсныг иргэдийн жагсаал тэмцлийн шаардлагын хүрээнд нууцаас гаргаж олонд ил болгосон. ҮАБЗ нь гурван гишүүнээс бүрдэж зөвлөмж гаргах бөгөөд уг зөвлөмж нь дээрх 3 гишүүний гарын үсгээр баталгааждаг тул нүүрсний хулгайг одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нар нүдээ аниад өнгөрүүлсэн болж таарах гээд байдаг. Гэтэл уг хэрэгт тухайн үеийн еөрөнхийлөгч ҮАБЗ-ын дарга ганцаар хэрэгт холбогдоод нөгөө хоёр гишүүн нь сугарч үлдэх гээд байх шиг.

Анхнаасаа “нэрсийг зарла” “хөрөнгийг нь хураа” гэж жагссан иргэдийн шаардлага ийм байсан тул засгаас сөрөг хүчин болон суудлаасаа буусан ерөнхийлөгч болоод намдаа байр сууриа алдсан УИХ-ын 5 гишүүнийг бусад албан хүмүүсийн хамтаар нохойд хаяж өгч буй яс мэт олонд хаяж өгөөд намдаа нэр нөлөөтэй хүмүүсийг хаацайлаад өнгөрч буй мэт харагдаж буй нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэх иргэдийн итгэлийг улам л замхруулсаар.

Хэдийгээр жагсаал цуглаан оргил үедээ есөн мянган хүний нэгдэл болж өргөжин тэлж уурлаж бухимдсан иргэд ордны хаалга болон ордны зүүн талын хашааг эвдэж ордон руу нэвтрэхийг завдаж байсан ч хууль зүнй сайдын эрх үүргийн хүрээнд онц байдал зарлахыг санаачилсан гэх мэдээтэй зэргэцэн жагсаал эмх замбараагүй байдал газар авалгүй тарсан юм. Х.Нямбаатар сайд онц байдал зарлахаар нөхцөл байдалд хүрсэн хэмээн үзэж онц байдал зарлах санал оруулсан тухайгаа сэтгүүлч Лодойсамбуутай ярилцах үеэрээ өөрийн амаараа хэлж хүлээн зөвшөөрсөн юм. Иргэдээ тэгтлээ бухимдуулчхаад 2008 оны 7дугаар сарын нэгнийх шиг иргэд рүүгээ дахин буу шагайхыг завдана гэдэг энэ засаг болоод энэ намынхан суудлаасаа буух ямарч сонирхолгүй байгааг тодоос тод гэрчилнэ. Энэ засаг огцроод иргэд болоод энэ засагт ямар ч ашиггүй. Энэ засаг тарвал нүүрсний хулгайчид өөрсдийн төлөөний хүмүүсээ засагт шургуулж хуулийн хүрээнд хэргээс мултрах гарц хайх нь хамгаас тодорхой явдал. Үүнийг ч мэдэхийн дээдээр мэдэж буй МАН-ын дарга МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 20 яаманд 40 сайд томилж намын томилгоог намын фракцуудынхаа төлөөний хүмүүсийг ээлж ээлжээр нь засагт оруулж сайдын суудлаар шагнаж юун түрүүн намынхаа эв нэгдлийг бодож буй нь дээрх томилгоонуудаас тодорхой харагдана. Яагаад сайдын суудлаар шагнаж байна гэж хэлсэн бэ гэж уншигч та гайхаж мэдэх ч сайдын алба хашихаар болсон гишүүд хэчнээн баяр хөөртэйгөөр нэг нэгнээ тэврэн үнсэн үнгэлдэж буйгаас нь тов тодорхой харагдана. Уг нь энэ хүнд хэцүү цагт сайдын суудалд очно гэдэг улс эх орныхоо болоод ард иргэдийнхээ өмнө хүлээж буй том хариуцлага үүрэг тул эрдэм мэдлэг ёс зүй тааруу хүмүүс эл суудал руу зүглэхийг ч хүсэхгүй атал харин манайд эсэргээрээ баяр хөөр болж буй нь ёстой л авах шагналаа авсан байгууллагын ажилтан лугаа хэрэг болж буй нь гайхмаар.

 

Жагсаалын хүч суларсанд Цогтоод баярлаарай ерөнхий сайдаа.

Дээр дурдсанчлан жагсагчдын тоо оргил үедээ есөн мянгад хүрсэн тухай өнөөх л хууль зүйн сайд Х.Нямбаатар “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгийн үеэр үг унагасан. Онц байдал зарлах санал оруулах хүртлээ эрх баригчид айж сандарсан. Гэсэн хэдий ч маргааш нь жагсаалын хүч суларч жагсагчдын тоо ч буурсан. Хаанаас ч юм жүжигчин Цогтоо гарч ирж залуусыг тайван жагсаалд уриалснаар эрх баригчдыг санадаргаж байсан жагсаал цуглаан намжиж эрх баригчдад амьсгаа авах завдал өгсөн. Иргэдэд жагсаал цуглааныг үр дүнд хүргэхийн тулд жагсаал цуглааны нүүр царай болж манлайлах олны танил хүн хэрэгтэй байсан нь жүжигчин Цогтоо гарч ирснээр тэрхүү шаардлага хангагдсан. Гэвч өдөртөө очиж үдээс хойш буцдаг нүүр царай манлайлаа дагаад нэг л мэдэхэд жагсаал цуглаан хэсэг бүлэг хүний тэмцэл болтлоо намжсан. Халуун аарц халуун хоолоор нэгнээ дэмжиж хэсэг бүлэг нь өлсөхгүйгээр талбай дээр суулт зарлаж байсан ч хүний амь эрсдэх тэмцлийн хурц хэлбэрт шилжээгүй нь жагсаал цуглаанаа хууль зүйн сайдаараа баян тансаг жагсаал гэлж хэлтлээ хүчгүй сул болгосон. Ардаа ажилтай иргэд сошиалаар жагсаалыг дэмжиж хажуугаар өнгөрөх жолооч нар дулаан машинаасаа сигнал дарж эсэргүүцлээ илэрхийлсэн ч талбайг зорих ирж буцах тэмцэгчдийн тоо он гарахтай зэргэцээд одоо 10 хүрэхтэй үгүйтэй болсон нь харамсмаар. Уг нь бүгд нэг л улсад амьдарч байж нэг өдрийн ажлаа хаяаад эсвэл хэдэн цагийн ажлаа хаяад жагсагч тэмцэгчтэй нэгдэж жагсагаалын хүчийг нэмж болох л байсан. Арга ядахдаа зам дээр түргэн гал онцгой явах эгнээ чөлөөлөөд машинаа хаяад төрдөө шахалт үзүүлж болох байсан. Гэвч хэн ч тэгээгүй. Сошиалаар тэмцээд болчихдог бол энэ улс орон өдийд авилгалгүй болчих байсан биз. Ирэн очин жагсаад болчихдог бол монголчууд бид өөрсдийн сонгож гаргасан гишүүд болоод засагтаа ингэж дээрэлхүүлэхгүй биз. Хамгийн том жишээ нь одоогийн ерөнхий сайд хэдэн хүнээр өлсгөлөн зарлуулж байж М.Энхболдыг суудлаас нь огцруулж байж өнөөгийн өндөрлөгтөө хүрсэн билээ. Гэтэл Цогтоо тэргүүтэй жагсагчид ордон тойрох ордны зүүн баруун хаалгыг манаж гараад ир гэж орилсоор иргэдийн уурлаж бухимдсан жагсаалын сүр хүчийг дарчихсан нь харамсалтай. Гараад ир гэж орилсоор гараад ирэхээр нь зайл гэж хөөгөөд ямар ч тодорхой бус шаардлага нь ч тодорхой бус байсаар одоо хэлэлцүүлэгийн төшинд очсон жагсаал өмнөх “ажлаа хий” жагсаалын адилаар үр дүнд хүрэлгүй замхрах тийшээ хандаж буй нь харамсмаар. Иргэдийн уурлаж бухимдахдаа сэтгэлийн дуудлагаараа нэгдсэн жагсаалыг нүүр царай нь болж улам илүү үр дүнтэй өргөн цар хүрээ хамарсан том жагсаал болгохыг хүсэж гарч ирсэн бол Цогтоо эхлээд тавих шаардлагыг тодорхой болгох, дараагаар нь авах тэмцлийн арга замуудаа ч тодорхой болгох ёстой байв. Гэвч жагсаал олны танил хүмүүсийн очиж селфи хийж оноо цуглуулдаг индэр болж хувирсан нь харамсалтай. Цаазал ал хураа гэхээс илүү яавал ахиад ийм хулгай гарагахгүй байх уу. Яавал ахиж хулгайчдыг төрд ойртуулахгүй байх уу гэдэг талаас нь ярьж хэлсэн хүн цөөн байсан нь Монголчууд бидний улс төрийн ойлголт мэдлэг болоогүй байгааг харуулсан гэлтэй. Харин энэхүү сунжирсан тайван жагсаалаас засаг болоод нүүрсний хулгайчид хоорондоо тохиролцох хугацаа хожиж авсан байх вий гэхээр жаахан тиймхэн. Харин ийм юм болсон бол эрхэм ерөнхий сайд Оюун-Эрдэнэ та санамсаргүйгээр өөрт чинь ийм боломж бүрдүүлсэн Цогтоод талархаж явахад гэмгүй бизээ.

Харин  өнгөрсөн жагсаалаас сургамж авсан Цогтоо болон бусад жагсаалыг төлөөлж буй хүмүүст хандаж хэлэхэд улс төрд тэмцлийн хурц хэлбэрээр шахалт үзүүлэхээс нааш тайван жагсаал цуглаан үр дүнд хүрнэ гэдэг хэцүү юм. Харин уншигч иргэд олон түмэндээ хандаж хэлэхэд өнөөдрийн нэг өдрийн ажлаас илүү таны болон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө очиж нэгдэх нэгхэн өдөр илүү үнэ цэнэтэй байх тул аливаа улс эх орны эрх ашгийн төлөөх жагсаал цуглаанд сошиал хаягныхаа цаанаас бус өөрсдийн биеэр очиж дуу хоолойгоо бусаддаа хүргэж үзэл бодлоо хуваалцаж байх нь илүү үр дүнтэй байдаг юм шүү. Эцэст нь тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэх мэргэн үгсийг сануулахд илүүдэх юун.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26