Ганцхан мод

Энхбаясгалан | speaker.mn
2021-05-07 17:21:19

Хавар гэсэн шиг ааш нь олдохгүй тэнгэрийн байж байгаа нь Монголын улс төрчдийн нам нам хэсэхтэй ижилхэн нэг шороогоор шуурч, нэг цас орж аль эсвэл бороо орж ёстой л ааш нь олдохгүй нь яалтай. “Ганган хүүхний үхэл хавар намар” гэгчээр охид хүүхнүүдийг хувцасны шүүгээнийхээ өмнө ахин дахин эргэлдэхэд хүргэж байна.

Шороогоор шуурна гэснээс саяхан нэг нүүр нүдгүй балбаж, газар тэнгэр нийлтэл шороон шуурга дэгдсэн дээ. Гэтэл өнөөх нь урд хөршүүд рүү нүүгээд очиж. Харин урд хөршүүд маань биднийг мод тарьж цөлжилттэйгөө тэмцэхийг уриалж байдаг шүү.

Одоо яалтай байгалийн гамшгийн өмнөөс бид ямар тэднээс уучлалт гуйлтай биш. Ингэж бодоод өөрсдийгөө тайвшруулаад хэдэн арван жил явцгаасан чинь хамаг модоо тайрч хяргаад дуусаж байгаа манайх шиг улс чинь удахгүй тэр аяараа цөлжилт гэгч нэг том мангасын хоол болох дөхсөн байж.

Савс л хэлбэл муу хужаа новшнууд гэж харааж зүхдэг бидний урд хөрш маань харин цөлжилттэйгөө тэмцээд элсэн цөлөө битүү моджуулаад орхиж. Одоо яахав бид муу хэлж харж суухаас өөрөөр хийж чадах зүйл байх биш.

Нэг хэсэг сошиал орчинд гэр хорооллын айлуудын амьдарч байгаа орчныг дээрээс нь авсан зураг хүн бүхний нүдийг хужирлаад амжсан. Үзсэн болгон хөөрхийлж, хараах нэг нь харааж залхуу хойргоор нь дуудаад амжсан. Гурван зуун жар гаруй жил нийслэл хүрээ байхаас нь нэг сая хүнтэй том хот болтол нь амьдрахдаа хашаандаа нэг ч мод тариагүй улс одоо яаж мод тарих билээ гэж дотроо гэр хорооллынхныгоо өмөөрөөд сууж байснаа нуухгүй ээ.

Ер нь тэгээд ч мод тарьж зүлэг арчилна гэдэг чинь хашааны банхарынхаа баас шээсийг цэвэрлэхээс ч илүү ярь шиг төвөгтэй ёстой л залхуу хүргэм ажил гэдгийг гэр хороололд өсөж торнисон би ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ.

Гэтэл юу гэнэ вэ?. Халуун паар тэвэрч гэртээ нойлдож, хананаасаа усаа тосож ууж өсчхөөд ус зөөж түлээ хагалж үзээгүй байрны нөхдүүд өөрсдөө ганц мод тарьж үзээгүй байж бас гэр хорооллынхныгоо залхуу хойрго арчаагүйгээр нь дуудаад сэтгэгдэл үлдээж суухдаа өөрөөсөө жаахан ичдэг болоосой.

Худгаас ундны усаа зөөхөөсөө хүртэл залхуурч хоол цайгаа бэлдэх усгүй хонох шахдаг нөхдүүд мод услах илүү ус түрээд худаг руу гүйж явна гэж хананаасаа усаа гоожуулж уудаг нөхдүүд яаж бодож сэтгэж чаддаг байна аа.

Амьдрал гэдэг хүний санасны зоргоор өрнөдөг байсан бол энэ орчлон ямарч зовлон зүдгүүргүй жаргалдаа умбан цэнгэх байсан биз. Даанч амьдрал гэдэг хүний санасны зоргоор бус харин урагш тэмүүлж ажил хөдөлмөр гололгүй хийж хичээж явдаг нэгнийг шагнадаг гэдгийг хүмүүс мэддэг хэрнээ даанч хэрэгжүүлдэггүй нь гайхалтай.

Мод тарих ч үүнтэй л адил юм. гэр хорооллынхныгоо хашаандаа ганц ч болтугай мод тарьсангүй гэж халаглаж суухаар ганц ширхэг модны суулгац бариад хашаанд чинь ганц ч гэсэн мод хамт тарья гээд бариад очдог болчихвол хэн ч гэсэн ундны усаа зөөхдөө мод услах усаа илүү авчихаж чадах байлгүй дээ.

Даанч миний багад манайх гэдэг айл өөрийн гэсэн хашаагүй айл айлын хашаа дамжин нүүдэллэдэг байсан болохоор хүмүүст үлгэр дуурайл үзүүлж хашаандаа мод тарьж харуулж чадалгүй өсөж том болчихсон юм. Харин одоо хэдэн самрын яс булж цонхныхоо дэргэд тавиад ургаж гарч ирэхийг нь харж баярлаад, зарим нэгийг нь үхэхэд нь харуусаад л сууж байна. Хэзээ нэгэн өдөр байрныхаа гадаа эсвэл цэцэрлэгт хүрээлэнд суулгах өдөр ирнэ гээд хүлээж л сууна.

Магадгүй над шиг олон олон хүмүүс самрын мод үрслүүлээд суугаа гэдэгт итгэлтэй байна. Мөн үүнийг унших ганц нэгэн хүн магадгүй арав хорин хүн гудамнаас самар аваад гэртээ үрсүүлээд хашаандаа тарьж ургуулна гэдэгт ч итгэлтэй байна.

Оролдож үзээгүй юм бүхэн хэцүү санагддаг. Тиймээс хэцүү гэж битгий бод. Гагцхүү болгоно бүтээнэ гэж бодоод та оролдоод үз. Нэг л эхлүүлчихвэл хийх хүн цааш нь аргаа олоод үргэлжлүүлээд эхлүүлснээ дуусгадаг жамтай. Тиймээс мод тарьж ургуулна гэдэг танд хэцүү санагдаж байвал зүгээр л үүнийг зугаагаа болгочих. Аль эсвэл эхнэр нөхөртэйгөө хамтдаа өнгөрүүлэх хором мөч болгон ашигла. Хэрэв та хүүхдээ утаснаас түр ч болов холдуулж сатааруулмаар байвал хүүхэдтэйгээ хамтдаа мод тарь. Харин хийж үзээгүй байх даа л бууж өгч болохгүй.

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон мөчөөсөө өдий хүртэл хором бүхэнд байгаль дэлхийгээсээ авч ирсэн. Харин хэзээ ч буцааж өгч байсан түүх үгүй. Тэгвэл яг одооноос амьсгалж буй агаараа ганц мод тариад ч болтугай эх дэлхийдээ буцааж өгцгөөе. Таны ургуулсан ганцхан мод магадгүй таниас хойш амьдрах таны хэд хэдэн үе дамжин үр хойчийн чинь амьсгалах агаарыг бэлдэж өгнө гээд та бодоод үздээ. Ийн бодоход л танд хашаандаа ганц ч болтугай мод тарихсан гэх хүсэл төрөхгүй байна гэж үү.

 

Ач холбогдол: Ой мод нь хуурай газар дээр амьдардаг нийт амьтадын 80%-ынх нь амьдрах орчин болдог байна. Тэгвэл мод бэлтгэх газрууд модыг доторхой хэмжээ хязгаартайгаар бэлтгэхгүй бол амьтадын амьдрах орчинг багасгаж цаашлаад ойн амьтадын тоо толгойд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Ой мод  амьтадын амьдрах орчинг бүрдүүлэхээс гадна ус цуглуулах, усыг жигд барьж хувиарлах, тунадасыг нэмэгдүүлэх зэргээр усны горимыг зохицуулдаг байна. Хэрэв бид хэдхэн цаасны ашиг хожоо харж зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлэн хөгшин залуугүй моддыг хяргаад байвал ойн сан хөмрөг жилээс жилд багассаар энэ нь цаашлаад биднийг ундны усны хомстолд оруулах сөрөг үр дагавартай юм. Үүнийг илтгэх нэгэн тоо баримт байгааг дурдвал. Манай оронд сүүлийн таван жилд жил бүр 100-200 мянган га газрын ой мод устаж байгаа байгаа бол үүний 90% нь хүний буруутай үйлдлээс болж байна. Ганц ширхэг мод тарьж ургуулж үзээгүй байж аялж зугаалахдаа гал алдах, самар түүхдээ зүй бусаар самрыг нь авах, түлээ түлшээ бэлтгэхдээ унасан мод, мөчир зэргийг бус ургаж байгаа залуу моддыг хөрөөдөн тайрах, мод бэлтгэлийн компаниуд ой цэвэрлэх нэрийдлээр залуу мод голдуу хөрөөдөн унагах гээд хүмүүс бид л өөрөө өөрсдөө эх дэлхий байгаль орчноо сүйтгэн зөвхөн өнөө маргаашийнхаа төлөө ирээдүй хойч үеийнхээ хамаг сайн сайхан бүхнийг хулгайлж байгаа нь үнэхээр харамсалтай юм.

Гэтэл манай орны ойн сан 18.3сая га бөгөөд ой модоор бүрхэгдсэн талбай нь 12.9 га буюу нийт нутаг дэвсгэрийн маань 8 хүрэхгүй хувийг эзэлдэг ойн нөөцөөрөө хамгийн бага орнуудын тоонд ордог байна. Харин ой мод нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг төдийгүй дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг байна. Үүгээр ч тогтохгүй модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна. Мөн мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал:  нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.

Модны ашиг тус ийм их атал бид яагаад мод тарих биш харин ч улам бүр устгаж багасгаад байдаг билээ. Энэ бол бидний аливаа юмны хамгийн чухал ашиг тусыг биш харин өөрт хэрхэн ашигтай вэ гэдэг талаас нь хардагт л хамаг учир нь оршдог болов уу.

Насанд хүрсэн хүн бүр нэг нэг мод тариад түүнийгээ арчилж ургуулаад байвал цөлжилтөөс авахуулаад  ашиг тус нь түүнээс их байх нь тодорхой. Гагцхүү  модыг суулгаад орхих бус харин цаашдын арчилгаа усалгааг нь тогтмол хийх нь л хамгийн чухал юм. Харин үүнийг мод тарих гэж байгаа хүн бүр сайтар ойлгож ухаарах хэрэгтэй болов уу.

Эх орон ирээдүй хойч үедээ өчүүхэн ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулах нь иргэн хүний үүрэг бөгөөд харин энэхүү үүрэг нь хамгийн энгийнээс буюу таны тарьж ургуулах ганцхан ширхэг мод байж болно гэдгийг ойлгож маргааш гэж хойш тавилгүй яг одооноос айл бүхэн хашаандаа нэг нэг мод тарьж цэвэр цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалцгаая Монголчуудаа.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26