Чихэвчтэй эргэцүүлэл

Энхбаясгалан | speaker.mn
2021-05-18 20:42:13

Хаа нэгтээгээс унтаач гэх хэн нэгний бүдэгхэн дуу хоолой сонсдоход дэрэн дээрээсээ толгойгоо өндийлгөн би харвал эхнэр хүүхдүүдээ унтуулах гээд хашхирч байв.

Яагаад ч юм унтах идэх хоёр дээр хүүхдүүд үргэлж ард урдаасаа хэлүүлж байдаг бололтой. Идэх хоол хомс айлын хүүхдүүд хурдхан л унтахыг хүсдэг бол идэх уух, өмсөх зүүхээр дутагдахгүй өсөж буй айлын хүүхдүүд л эцэг эхээрээ идэх, унтах хоёр дээр үглүүлж байдаг бололтой. Магадгүй 2000-аад оны үед орлогын ганц эх үүсвэр болох ижий маань ажлаасаа халагдаж манайх гэдэг айл хот хүрээ бараадаж орж ирээд хөлөө олох гэж их л бужигнаж байснаараа өнөөдрийг би харьцуулдаг болсон байх. Тэр үед хөдөөгөөс хотыг зорих их нүүдэл шороон замын тоосон дунд тасралтгүй урагшлах машин техникийн гэрэлтэй хамт уван цувсаар үргэлжилж байсан. Харин тэр их айл хотод хөл толгойгоогоо олох гэж их бужигнаж байсан биз. Улаанбаатар банкний шилэн барилгыг анх хараад ёстой л оройг нь харах гэж малгай унана гэдэг шиг юм болж байсан миний хүүхэд насны дурсамж шиг тэр үеийн хөдөөнөөс орж ирсэн хүмүүст тийм нэг нандин дурсамж байдаг болов уу.

            Чихэвчээ зүүгээд дуртай дуугаа тултал нь чангалаад хаа нэг өнгөрснөө эргэцүүлэн бодох бас сайхан юм. Өнгөрснөө гэлтгүй өнөөгийн энэ их хар бараан мэдээ мэдээллээр зай завсаргүй бөмбөгдүүлж сонгуулиас сонгуулийн хооронд тархиа тултал нь угаалгаж амьдарч буй нийгмээс түрч болов холдох хамгийн сайн арга бол яалт ч үгүй чихэвчээ зүүгээд дуртай дуугаа тултал нь тавиад өөрийгөө тайвшруулах явдал юм.

Хоёр жилийн хугацаанд корона вирус гэх хөнөөлт цар тахлын улмаас их бага хугацаагаар хөл хорионд байсан хүмүүс их багагүй стрессдэж тэрхүү уур бухимдлаа хэрхэн зөвөөр дарж өөрийгөө тайвшруулан даван туулах арга зүйд суралцаагүйгээс болж хэд хэдэн хүн амиа хорлосон тохиолдол гарсан. Нийгмийн уур бухимдлыг ихэсгэж улмаар нийгмийн эрүүл эерэг тэнцвэрт байдлыг алдагдуулж хар бараан мэдээ мэдээллээр зай завсаргүй бөмбөгдсөн сэтгүүл зүй болоод түүнийг өөрийн улс төрд ашигласан улс төрчдийн буруутай үйл явдал тоо томшгүй хор хөнөөл учруулсаар.

Бүхнийг хар бараанаар харж бүхнийг харлуулж явдаг хүмүүс бол улс төрчид болоод тэдгээрийн гар хөл болсон хөлснийхөн бөгөөд тэдгээр хүмүүсийн тэр их хар бараан мэдээ мэдээлэл нь хүний оюун бодолд юм бүхнээс түрүүлж өөг нь олж харах сэдлийг төрүүлдэг болсон нь үнэхээр харамсалтай. Энэ ч байдал нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж гэр бүлүүд нэг нэгнийхээ жижигхэн алдааг хүлээн зөвшөөрч уучлахын оронд тэрхүү жижигхэн асуудлыг илүү дэвэргэж том асуудал болгож байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл болоод амиа хорлолтын бас нэгэн учиг шалтгаан болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Тэгвэл энэ бүхнээс сэргийлэх нэг арга бол чихэвчээ зүүгээд дуртай дуугаа тултал нь чангалаад өөрт тулгарсан болоод бас бус асуудлуудынхаа талаар эргэцүүлэн бодох явдал юм. Үүгээр ч тогтохгүй өөрийн дуртай зүйлээ хоббигоо болгон түүндээ цаг гаргах нь ч таныг амьдралаас авах стресс уур бухимдлаа даван туулах гарц чинь болох боломжтой юм.

 

Чихэвчээ зүүгээд мөрөөдөлдөө төөрөх үү: Ямар хүн мөрөөдөх дуртай байдаг тухай сонирхож унштал. Мэдлэг боловсролтой хүн аливааг төсөөлөн бодох дуртай байдаг төдийгүй төсөөлөл сайтай байдаг байна. Харин төсөөлөл сайтай хүн их мөрөөдөмтгий байдаг бөгөөд мөрөөдөмтгий хүн нь өөртөө итгэлтэйгээс гадна эерэг бодолтой нэгэн болдог байна. Тэгвэл та хэр их мөрөөддөг вэ?. Магадгүй үүнийг уншаад та өөрийнхөө хэр их мөрөөдөмтгий хүн болох тухай эргэцүүлж бодож магадгүй юм. Тэгээд ч мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шүү ээ. Өнөөгийн энэ нийгэмд цор ганц үнэгүй зүйл магадгүй мөрөөдөл байж болох юм. Цаг хугацаатай уралдан хөгжил өөд тэмүүлэх болсон мэдээллийн эрин зуунд тэр болгон бидэнд мөрөөдөж суух боломж олддоггүй болсон нь нэг талаараа мөрөөдлийг ч үнэтэй болгож байж болох юм. Магадгүй та өөрөө өөртөө тэрхүү үнэ цэнийг бий болгож мөрөөдөх багахан ч гэсэн цаг хугацааг бий болгож болох юм. Харин та үүнийг хүсэх үү аль эсвэл хүсэхгүй юу гэдэгтээ эхлээд хариулт олох хэрэгтэй болно.

Алс хол сансрын уудмыг эзэгнэх хүсэл мөрөөдөлтэй нэгэн түүнийгээ амьдралынхаа зорилго болгоод цаг хугацаатай уралдан ажиллаж хөдөлмөрлөж багааг дэлхий нийтээрээ харж шагшин биширч байхад харин бид ямар мөрөөдөлтэй болох оо ч мэдэхгүй үнэн худал хоёрын тэр багахан зайнд төөрөлдөж улс төрчдийн шидсэн хар бараан мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж явах нь харамсалтай гэмээр. Тиймээс та яг одоо уншихыг хүссэн номоо аваад яг одоо уншиж эхэл. Монголын маргааш дуусахгүй гэдэг үнэнд хамгийн ойр үг. Тэгвэл та мэдлэгийн цар хүрээгээ тэлж түүндээ хөтлөгдөн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн ертөнцдөө бага ч болов эрх дураараа жарган цэнгээч. Танд ийм эрх хэн хэнээс илүү бий. Бүхий л амьдралынхаа турш мөнгөний хойноос хөөцөлдөн амьдраад туулж өнгөрүүлсэн амьдралын замаа эргээд харахад тань харамсах сэтгэл төрвөл яана. Тиймээс улс төр нийгэм эдийн засгийн тэр их мэдээ мэдээллээс зөвхөн өөрт хэрэгтэйгээ олж уншаад үлдсэн цаг хугацаанд нь өөрийнхөө ирээдүйнхээ талаар мөрөөдөж тэрхүү мөрөөдөл тань таны хүсэл зорилгод нийцэж байвал өөрийн амьдралынхаа зорилго болгон түүнийгээ биелүүлэхийн төлөө хүсэл тэмүүллээр дүүрэн урагшилж эхэлбэл ямар вэ?

Яг одоо намайг мөрөөдөж тэрхүү мөрөөдөлдөө төөрчихсөн яваа гэвэл та итгэхгүй болов уу?

Албан тасалгааны цонхоор амьдрал яагаад сайхан харагддаг вэ? Гэж та яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй. Хариулт нь тун энгийн. Учир нь албан тасалгаанд суугаа хүн өөрийнхөө мөрөөдлөөр амьдарч байгаа учир тэрхүү цэлгэр цонхоор амьдрал тэр чигтээ аз жаргалтай харагддаг юм шүү дээ. Тэгвэл чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсон энэхүү бичвэрээ бичиж суугаа миний төсөөллөөр ч амьдрал аз жаргалтай байна. Яагаад вэ гэж үү? Яагаад вэ гэвэл би яг одоо үүнийг бичин суухдаа сошиал ертөнцийн тэр дундаа Монголынхоо өнөөгийн хар бараан мэдээ мэдээллээс түр ч болов холдож үүнийг унших та бүхэнд бага ч болов эерэг сэтгэгдэл төрүүлнэ хэмээн мөрөөдөөд сууж байгаа хэрэг юм. Тиймээс мөрөөдөл гэдэг бидний амьдралд бага ч болов хэрэгтэй зүйл болж таарч байна. Харин өглөө болоход нөгөө л нэг автобус дүүрэн чихцэлдээн, зам дүүрэн түгжрэлтэй болох болохгүйгээр дүүрсэн Монголын нийгмийн нэг өдөр таныг угтаж магадгүй. Харин та уншсан зүйлээсээ бага ч болов эерэг зүйл олж харсан бол таны маргааш гэрэл гэгээтэй эерэг бүхнээр цэнэглэгдсэн байна гэдэгт итгэх хэрэгтэй юм шүү.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26