Архичин ч бас амьдрах эрхтэй

Энхбаясгалан | speaker.mn
2021-07-05 01:55:16

Монгол улсын үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван хоёрдугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн тус тус заагдсан байдаг. Үнэхээр Монгол хүн амьд явах эрхтэй гэж үү. Энэ эрх үнэхээр хэрэгждэг гэж үү. Корона вирусаар өвчилж эмнэлгийн хаалга татсан ч харьяалал бус гэсэн шалтгаанаар эмнэлэгийн тусламж авч чадалгүй үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж чадалгүй эмнэлгийн үүдэнд амь тавьсан явдал Монгол улсад хүний амь нас хэрхэн үнэгүйдсэн бэ гэдгийг маш тодорхой харуулж өглөө. Хуулинд заагдснаар бол бид амьд явах эрхтэй ч бодит байдал дээрээ гудамжны нохойноос ч дор үзэгддэг болсныг өнөөдөр нүдтэй бүхэн харж чихтэй бүхэн сонслоо.

Монгол хүн Монголын баялаг хэмээн хэлсэн үгийнх нь шүлс, барьсан микрофон дээрээс нь хатаж амжаагүй байхад эрдэнэт хүний амь гудманд хэвтэх хог новшний чинээ үнэгүйдэж эхэллээ.

Нялх биетэй эхийг хөл нүцгэн эмнэлгээс гаргалаа хэмээн ёс суртахууны огцролт хийж өөрийн ерөнхийлөгч болох замаа зассан эрхэм ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин эл явдлыг хараад юу бодож суугаа бол. Баялагтаа эзэн Монгол гэсэн ч тарьсан балагт нь эзэн нь болж корона вирусээр өвчилж харамсалтайгаар амь тавьж байгаа ард иргэдийнхээ ар гэрт нөхөн олговор олгоё хэмээн амнаасаа нэгч үг ган хийлгээгүй засаг баригч МАН-ын эрхэм гишүүд наадам цуцлагдсаны улмаас морьдоо тэжээсэн зардал болох таван сая төгрөгийг хурдан морь бүхэнд олгоё гээд санаачлага гаргаж байгаа нь ард түмнээ хэрхэн дорд үзэж буйн тод жишээ юм.

Арван дөрвөн хоног хөл хорьж хоёроос дөрвөн удаа давтан шинжилгээ хийж хорин нэгээс хорин найман хоногийн хооронд илрүүлж нэг хүнийг найман сая таван зуун мянган төгрөгний зардалтай эмчилж явсан үеийг нь ард түмэн манай засаг ёстой сайн ажиллаж байна хэмээн алга ташин хүлээн авч байсан бол одоо харин өвчтэй иргэдээ хөсөр хаяж гудманд амьсгал хурааж эхлэхэд нь тэр үед ямар их үргүй зардал гаргаж байсныг ойлгож ухаарч байгаа бизээ.

Хоёр том хөрш нь эмнэлэг нь хүрэлцээгүйдээ бус харин эл вирусын хор уршиг ямар их байх вэ гэдгийг урьдчилан тооцоолж шинээр эмнэлэг барьж байхад тухайн үед засаг толгойлж байсан У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар харин андлалын өргөө, их хуралдай зэрэг цогцолбор барьж, хотын төвдөө зөөврийн устай усан оргилуур барьж байсан гэхээр тэнэгийн дотор уужуу гэгчээр ямар их тэнэглэл байсныг цаг хугацаа гэрчлэн харуулсаар.

Амьд явах эрхтэй хэмээн үндсэн хуулиндаа тунхагласан ч өнөө цагт энэ эрх үнэхээр цаасан дээр хараар бичигдсэн бичиг төдий болсон нь үнэхээр харамсалтай.

Ёс суртахуунтайгаа харуулж засгийн газраа огцруулж байсан эрхэм ерөнхийлөгч маань одоо л өөрийнхөө хэр их ёс суртахуунтай вэ гэдгээ ард түмэндээ батлан харуулах учиртай. Өөрийнх нь толгойлсон засгийн газрын үед дотооддоо халдвар алдсан бол түүний нутгийн дүү, түүний томилуулсан, өөрийнх нь ажлыг хүлээн авсан ерөнхий сайдын үед Монгол хүн гудманд амьсгал хураасан эмгэнэлт явдал болчхоод байхад чадамжгүй засгийн газрыг огцрохыг шаардаж чадахгүй бол түүний өнөөх ёс суртахуун гэгч ерөнхийлөгч болох жүжгийнх нь нэгээхэн хэсэг байсан гэдгийг ард түмэн тов тодорхой харж авах юм.

Хорьж хорьж байснаа дотооддоо алдаад яг гардан тулаанд улс үндэстнээ уриалан орж, аюулт цар тахлыг хамтдаа даван туулах болов уу хэмээн түүнд итгэсэн ард түмний итгэлийг хөсөр хаяж ерөнхийлөгч хэмээх зөөлөн сэнтийд тухлан суухаар амин хувиа хичээж яваагүй гэдгээ ард түмэндээ нотлон харуулах цаг мөч аль хэдийнээ ирсэн гэдгийг харин эрхэм ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуай маань харин ойлгож ухамсарлаж байгаа болов уу.

 

 

Өнөөдөр та үхсэн ч буруутан нь та: Эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр харамсалтайгаар амьсгал хураасан хөөрхий талийгаачийг буруутан болгох гэж чичирж байгаа нь үнэхээр харамсалтай. Арав хоног архи ууж, подвальд аж төрдөг нэгэн амьд явах эрхгүй юм бол үндсэн хуулиаараа Монгол улсын иргэн бүхэн амьд явах эрхтэй хэмээн яах гэж тунхагласан билээ. Үүгээр ч үл барам “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн үндсэн хуулиндаа тусгасан байтал Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж гэх этгээд уг талийгаач залууг орон сууцны зоорийн давхарт амьдардаг, сүүлийн арав хоногт архи согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн хэсгийн ахлагч нь өгсөн хэмээн мэдээллэж байгаа нь дээрх үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн үйлдэл юм.

Өнөөдөр уг талийгаач залуугийн оронд танил талгүй, амьжиргааны төвшин тааруу хэн ч байсан буруутан болох боломжтой гэдгийг НЭМГ-ын даргын уг мэдэгдлээс тов тодорхой харж болохоор байна. Ёстой л үхсэнийх нь хохь болно гэгч л энэ буй за. Гэтэл үндсэн хуулиараа бол бид хэн байх нь хамаагүй амьд явах эрхтэй хэмээх эрх эдлэх ёстой юм шүү НЭМГ-ын дарга  Б.Бямбадорж гуай.

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26