Монгол бөх өв соёл уу? Өвөртөлсөн хулгай юу?

Энхбаясгалан | speaker.mn
2021-08-19 00:24:00

Дэлхий дахинаа корона вируст дарлагдсан хүндхэн цаг хугацааг туулж өнгөрүүлж байна. Энэхүү аюулт вирусын гамшигийг хор хөнөөл багатайгаар даван туулах гэж улс орон бүхэн хатуу хөл хорио гэгчийг тогтоож, улмаар шинжлэх ухааны ололт амжилтын ачаар ковидын эсрэг хүн төрөлхтнийг хамгаалах вакцин гарган авч чадснаар энэхүү өвчний цар хүрээг ерөнхийдөө хумьж чадсан гэхэд болно. Энэхүү хөнөөлт вирусын улмаас дэлхий дахинаа улс орон бүхэн спортын уралдаан тэмцээн хойшлуулж байсан ч эцэст нь үзэгчгүйгээр спортын уралдаан тэмцээнүүдээ үргэлжлүүлэх болсон. Үүний нэгээхэн тод жишээ бол 2020 онд Японы нийслэл Токиод болох байсан хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам нэг жилээр хойшилж 2021 он буюу одоогоос сар гаруйхны өмнө үзэгчгүйгээр амжилттай зохион байгуулагдсан билээ. Тэгвэл манай улсын хувьд үндэсний их баяр наадмаа нэг жилээр хойшлуулж тэмдэглэх засгийн газрын тогтоол гарсан бөгөөд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж уаячид, бөхчүүд болон ард түмэн эсэргүүцлээ илэрхийлээд амжсан. Цар тахлын өвчлөл манай улсын хувьд долдугаар сарын эхэн үед хамгийн өндөр цэгтээ хүрч байсан бол одоогоор нийслэл хотод өвчлөл буурч харин хөдөө орон нутаг дах өвчлөл ихсэх хандлагатай байна. Цар тахал болон хурдны морь унах хүүхдийн амь нас эрсдэх, унаач хүүхдүүд бэртэж гэмтэж амь нас эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгааг эсэргүүцсэн залуу үеийнхэн наадмыг эсэргүүцэж талбай дээр цуглан үзэл бодлоо илэрхийлсэн. Наадмыг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсанаас үүдсэн үү Монгол улсын засгийн газраас наадам хойшлуулах шийдвэр гаргасан. Гэвч Монгол улсын ерөнхий сайд энэхүү шийдвэрээ наадам эсэргүүцсэн жагсаал цуглаанаас болж гаргаагүй. Цар тахлын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байсан бөгөөд цар тахлын цар хүрээг хумьж чадаагүй учраас наадам хойшлуулах шийдвэр гаргасан хэмээн мэдэгдэж байсан юм. Ямартай ч наадам хойшлогдсон ч энэ сарын эхээр аймгууд үзэгчгүйгээр цол чимэг олгох бөхийн барилдаануудаа зохион байгуулж ирсэн бол мөн зүүн баруун бүсийн хурдан морьдын уралдаанууд ч зохион байгуулагдсан юм. Харин хоёр хоногийн өмнө хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний бөхийн холбоо үүсэн байгуулагдсаны 30жил, Монгол бөхийг Геннисийн номонд бүртгүүлсний 10 жилийн болоод Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулагдсан хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулагдаж Монгол улсын харцага Б.Бат-өлзий 9 даван түрүүлсэн бол аймгийн хурц арслан Б.Ууганбаяр 8 даван үзүүрлэсэн юм. Энэхүү бөхийн барилдааны үеэр 3шатны шүүхээс МУ-ын аварга цолыг нь хураах шийдвэр гаргасан ч МУ-ын ерөнхийлөгч асан Х.Баттулга болон одоогийн еөрөнхийлөгч У.Хүрэлсүх нар зарлиг гарган аварга цолыг нь хураагаагүй тул МУ-ын аварга Э.Оюунболд аварга цолтойгоор зодоглосон тул 3-н даваанд ам авах байсан аварга арслангууд эсэргүүцлээ илэрхийлж ам бөхөө авалгүй удсанаар уг бөхийн барилдаан хэсэг хугацаанд саатсан билээ. 2019 оны наадмаар арслан цолтойгоор 9 даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн шинжилгээгээр 4 төрлийн бодис илэрч байсан бөгөөд тэрээр тэрхүү шинжилгээний хариуг бичгээр аваагүй тул уг асуудлаар шүүхээр шийдвэрлүүлсэн нь түүний аварга цолыг хураах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч өдийг хүртэл МУ-ын ерөнхийлөгч түүний аварга цолыг хураах зарлиг гаргаагүйд бусад бөхчүүд ихэд эсэргүүцэж Монголын үндэсний бөхийн ариун дагшин дэвжээн дээр ийм шударга бус үйлдэл байж болохгүй хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Тэгвэл энэхүү допингийн хэргээс үүдэн авилгатай тэмцэх газраас шалгалт явуулахад сүүлийн арван жилийн хугацаанд допингийн хэрэгт холбогдсон 38 бөх байсныг тогтоосон байдаг. Тэгвэл тэрхүү 38 бөх хэн байв. Тэд хэрхэн шийтгэл хүлээлгүй өнгөрч дараа дараагийн цолоо ахиулан барилдав зэрэг асуултууд олны дунд бий болоод удаж байгаа юм. Энэ асуудалтай холбоотойгоор Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд тэдгээр бөхчүүдийн нэрсийг нийтэд ил болгохыг бөхийн холбоо болоод холбогдох байгууллагуудаас удаа дараалан шаардсан боловч одоог болтол нэг ч бөхийн нэр ил болоогүй байсаар. Тэгвэл өнгөрөгч жилийн наадмаар барилдаж 5 давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад МУ-ын аварга Н.Батсуурь МУ-ын арслан Р.Пүрэвдавга, МУ-ын харцага Б.Бат-Орших нараас допин илэрсэн бөгөөд эдгээр бөхчүүд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч ард түмнээсээ уучлал гуйж байсан юм. Хэдийгээр уучлал гуйсан ч эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг нэг жилээр хассан шийдвэр гаргасан нь бас л бусад бөхчүүдийн дургүйцлийг хүргээд авсан. Энэ мэт шударга бус явдлуудаас болж Монголын өв соёл тээгч бөхчүүд өөр хоорондоо хагаралдах, цаашид энэ шударга бус үйлдэлтэй хэрхэн яаж тэмцэх хэрхэн зүлэг ногоон дэвжээгээ ариун дагшин хэвээр авч үлдэх вэ зэрэг тулгамдсан асуудлууд бий болоод байгаа билээ.

Допингийн асуудлаас дутахааргүй Монгол бөхийн нэр хүндийг шороотой хутгах болсон нэгэн асуудал бол цол наймаалцах явдал билээ. Улсын цол бүү хэл аймгийн баяр наадмаар ч цол наймаалцах болсон нь Монгол бөхийн нэр хүндийг ихэд унагах болсон юм.

Монгол хүн бүхэн бөхчүүд болоод бөхийн ариун дагшин зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэн дээдэлж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдийн энэхүү допин болоод цол наймаалцаж шударга бус барилдах зэргээс болж ард түмний дунд бөхчүүдийн нэр хүнд ихэд унаж үндэсний бөхөө сонирхон үзэх хүн цөөрөх хандлага ихэд ажиглагдах болсон нь Монголын үндэсний бөхийн холбоо хийгээд бөхчүүд аливаа шударга бус үйлдлээс татгалзаж өв соёлоо хүндэтгэн ёс суртахууны дээд илэрхийлэл болж төлөвшихгүй бол энэхүү өв соёл минь үеийн үед үр хойчид минь өвлөгдөн үлдэнэ гэдэгт итгэх хүн цөөхөн болж байгаа нь үнэхээр харамсалтай билээ.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26