Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан

Энхбаясгалан | speaker.mn
2023-09-16 23:08:25

  Монголчуудын хамгийн сайн мэдэх киноны дүр бол Үрлээ Баяраа Дэлгэр гурав мөнөөсөө мөн билээ. Монголын анхны хайрын гурвалжинг баян хоосон болоод хүний мөн чанартай нь маш тодорхой харуулсан кино бол яах ч аргагүй “Би чамд хайртай” хэмээх киноны анхдугаар анги юм.

  Эрх дураараа Баярааг эцэг эх нь юугаар ч дутаалгүй өсгөдөг бол Дэлгэрийн хувьд тэргэнцэртэй аавыгаа асрахын хажуугаар сурч боловсрох гээд хүнд хэцүүг туулж яваа залуусын гэнэн томоогүй анхны хайрын тухай өгүүлдэг энэхүү киноноос өнгөрсөнд ч бас өнөө үед ч сурах юм их бий.

  Баяраад аав нь тухайн үедээ залуусын дунд хүссэн болгон нь авч унаад байж чаддаггүй мотоцикл авч өгөхөд өнөөх нь онгирч сагсуурч байгаад мотоциклтойгоо байрныхаа орцруу давхиж орон осол хийж хөлөө хугалаад дуусдаг киноны хэсэг бол онгироо хүн осолтой гэх үгний утгыг үзэгч түмэнд тод томруунаар харуулсан үзэгдэл юм.

   Тэгвэл орчин цагт ч иймэрхүү онгирч сагсуурах залуус улам л олшрох болсон нь эцэг эхийнх нь бус харин өрөөл бусдын санааг ихэд зовоох болов.

  Суррон гэх цахилгаан дугуйг унан авто зам дээр сүлжилдэн хурд хэтрүүлэн давхих өсвөр насныханд санаа зовохгүй байхаас өөр яах билээ.

   Гэхдээ хүссэн хүний хүүхэд бүр уг цахилгаан дугуйг унаад байж чадахгүй ээ. Учир нь муухан приус20 маркийн машинаас ч үнэтэй уг цахилгаан дугуйг мөнгөтэй төгрөгтэй бололцоотой айлын хүүхдүүд унаж эдлэх боломжтой нь хэн ч харсан ойлгомжтой юм. Уг нь эцэг эх нь хүүхдүүдээ хичээл сургуульдаа түгжрэлгүй саадгүй зорчиг гэж санаж авч өгдөг биз. Мөн тэд болгоомжтой яваарай гэх үгсийг хүүхдүүдийнхээ чихэнд хоногштол нь хэлдэг л байх.

  Харин илжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэнэ ус хийсэн сэгсрэнэ гэгчээр эцэг эхийнхээ захиж хэлсэн үгийг за гэх үгээр хариулж хэлэхдээ өнөөх өсвөр насныхан маань хоёр чихнийхээ хоорондуур өнгөөрөдөг гэдэг нь тэдгээр хүүхдүүийн гаргаж буй үйлдлээс тодорхой харж болно.

  Зүгээр ч нэг хурд хэтрүүлэн давхилдах бус нэгнээ сундлан ямар ч хамгаалах хэрэгсэлгүй явах өсвөр насныхан улам бүр л онгирч сагсууран өнөөх цахилгаан дугуйныхаа урд дугуйг өргөн хойд дугуйн дээр нь явж буй бичлэг цахим орчинд түгснээр хүүхдүүдийн төлөө санаа зовох хүмүүс уг үйлдлийг тээврийн цагдаагийн албаныханыг зохицуулах, цаашлаад анхааралдаа авч насны хязгаар заах, дүрэм журмыг мөрдүүлэн аюулгүй байдлыг хангуулахыг шаардах болоод байна.

  Эцэг эхийнхээ ч үгийг тоохгүй байгаа тэдгээр эрх танхил Баяраануудад жинхэнэ Баяраагийн тухай өгүүлэх киног нэг удаа ч болов үзүүлэх хэрэгтэй мэт санагдана.

  Тэнэг хүн биеэрээ туулж байж ухаардаг гэдэг мэргэн үг байдаг авч заавал тэгж хэн нэгэн хүүхэд бэртэж гэмтэж тахир дутуу болохыг харж байж асуудлыг хүндрүүлж байж шийдвэр гаргадаг манай хууль тогтоох байгууллагынхан маань харин энэ асуудал дээр түрүүлж сэтгэж өсвөр насныханаа хамгаалсан хуулийн төсөл боловсруулж асуудлыг шийдэж өгвөл сайн юмсан.

  Мөн эцэг эхчүүд ч хүүхдүүддээ болох болохгүйг нь багаас нь хэлж ярьж зааж сургаж байхгүй бол ирээдүйд ямар эмгэнэлт явдал хүлээж буйг хэн ч таах аргагүй билээ.

Гай газар дороос гахай модон дотроос гэж үг бий. Улаанбаатар хотын түгжрэл ихээс болж цагдаа харан дүрэм журамгүй цагаан шугам давж эргэх, урсгал сөрөх зэрэг замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүй хэсэг бүлэг нөхөд ч бий.

  Машин барьж буй хүнийг хутга барьсан алуурчнаас өөргүй хэмээн адилтгаж үздэг атал дуугүй шахуу маш хүчтэй цахилгаан дугуйн дээр хүүхдээ мордуулахдаа ядаж болох болохгүйг нь маш сайтар хэлж ойлгуулахгүй бол дараа нь хар толгойгоо шаах хэрэг гарч магадгүй гэдгийг бодож явахад илүүдэхгүй биз.

  Эцэст нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс унадаг шүү”.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26