Цааз бол шийдэл биш

Энхбаясгалан | speaker.mn
2023-10-05 15:10:29

  Юу ч өөрчлөгдөөгүй энэ байдал хэзээ засрах бол. Хэн хичээж байж энэ нийгмийг өөрчлөх бол. Дорноговь аймагт ахиад хүүхэд алга болж улс орон даяар түгшүүрийн харанга дэлдээд байгаа энэ үе. Алга болсон охиныг эсэн мэнд олдоосой гэж залбирахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа ард иргэд. Охиныг хулгайлсан гэмт этгээдийг баривчилсан ч охиныг олж чадахгүй байгаа хууль хүчний байгууллагууд. Хэрэгтэн охины амийг хөнөөсөн гэж мэдүүлж хэсэг хугацааны дараа амьд гэж ахин мэдүүлгээ өөрчлөх нөхцөл байдал. Хэнд ч гэм хор хүргээгүй хохирогч хүүхэд. Гэтэл бид буруутанг шүүж шийтгэхийг хүсэх хэрнээ ахиад хүүүхэд хохирохоос яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ гэдгийг ярихгүй байсан хэвээр.

  Гэтэл бид чинь 2016 оны 2 дугаар сарын 5 өдөр хүүхдийн эрхийн тухай хууль баталж ирээдүй хойч болсон үрсээ хамгаалах хууль эрх зүйн орчинтой болсон. Уг хуулийн хоёрдугаар бүлэгт хүүхдийн хуулиар эдлэх үндсэн эрхүүдийг зааж өгсөн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХҮҮХДИЙН ЭРХ, ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ҮҮРЭГ

5 дугаар зүйл. Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх

 

5.1.Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй бөгөөд хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох асуудлыг Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр зохицуулна.

 

5.2.Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.

 

5.3.Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй.

 

5.4.Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй.

 

5.5.Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга болон түр оршин суух, эх орондоо амьдрах эрхтэй.

 

  Хуулиар эдлэх эрхийг нь зааж өгсөн байхад харин бид тэрхүү эрхийг нь эдлүүлж ирээдүй хойч үеэ аюулгүй амьд явах эрхийг нь хангаж чадаж байгаа билүү.

  Арван хоёр настай охин хулгайлагдаад одоог болтол эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэргээс өмнө яг энэ аймагт буюу Дорноговь аймагт зургаан жилийн өмнө наймхан настай Сэржмядаг гэх охин алга болоод өдийг болтол сургийг нь олж чадалгүй эцэг эх нь амьдийн тамд унасан. Тэр бяцхан зүрх ямар ихээр айж түгшиж байсан бол. Гэтэл үрээ амьд байгаа гэх цөхрөлтгүй итгэж найдах эцэг эхийн сэтгэлийг цаг хугацааны аяст бид умартан мартчихсан нь харамсалтай. Тухайн үед хяналтын камер дутмаг байснаас цагдаа нар охины ул мөрийг олж чадалгүй өнөөг хүрсэн. Харин энэхүү арван хоёр настай охины алга болсон хэрэг дээр охиныг хулгайлсан этгээдийг түргэний машины жолоочийн мэдүүлэгний тусламжтай олж тогтоосон ч өнөөх л хяналтын камержуулалтын дутмаг асуудлаас болж хэрэгтэнг эрэн хайх ажил удааширсан. Яагаад өнгөрсөн жургаан жилийн турш өмнөх гашуун алдаанаасаа суралцаад аймаг сум баг гудам талбайгаа бүрэн камержуулж болоогүй юм бэ. Яагаад дарга нараас нь сэтгэл дутаад байна вэ? Яагаад иргэд оршин суугчид нутгийнхан шахаж шаарддаггүй юм бэ?

 

Яагаад яагаад яагаад.

 

  Миний л хүүхэд эрүүл бол бусдын хүүхэд яах нь хамаагүй гэсэн хувиа бодсон сэтгэл иргэд олны дунд дэлгэрээ юу?

  Надад л ашиг хожоо гарахгүй бол иргэд хүүхдийн авулгүй амьд явах орчин надад хамаагүй гэх хувиа хичээж ашиг хожоо хайсан нөхдүүд даргын сэнтийд залраа юу?

  Баяр наадам дуу хууртай л явбал нутаг орны хөгжил дэвшил нутгийн иргэд ирээдүй хойч үе хамаагүй гэх нутгийн зөвлөл гэгч байгууллага нь ч иргэд орон нутгаа хаяад амаа үдчихээ юу?

  Аймаг орон нутгийн удирдлагад нь даатгаад төр засаг нь орон нутгийн иргэдийнхээ аюулгүй орчинд амьд явах үндсэн эрхийг нь хөсөрдүүлээ юу?

  Тэнэг хүн биеэрээ туулж байж ухаарна гэгчээр өөрийн хүүхэд алга болтол тэр зовлон ойлгохыг хүсдэггүй ард түмэн болоо юу бид.

  Бид сонгох сонгогдох эрхтэй. Тэрхүү эрхээ зүгээр л тав арван цаасаар худалдсаар өөрсдийн эрүүл аюулгүй орчинд амьд явах эрхтэйгээ хамт зарж байгаагаа ойлгохгүй байна уу?

  Өнгөрсөн борооны араас цув нөмөрнө гэгчээр хэрэг болоод дуусахаар л “цаазын ял” нэхэж орилолдож суух гэж үү?

Гэтэл цаазын ял шийдэл биш гэдгийг хэзээ ойлгох уу?

  Хэрэг гарахаар цаазалдаг биш. Харин хэрэг яагаад гараад байна вэ? Хэргийг яавал гаргахгүй тасалан зогсоох вэ гэдэг талаас нь бодох ухаан үнэхээр дутаад байна гэж үү?

  Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг яг юунаас болж гараад байна вэ? Үүний эсрэг ямар арга хэмжээ авбал хэргийн гаралтыг бууруулж улмаар таслан зогсоох бол гэсэн нарийн судалгаа, дүгнэлт арга замууд эрж хайсан төрийн болон төрийн бус байгууллагуудын үнэлэлт дүгнэлт хийсэн ажлын тайлан харс үзэж уншсан нь хэд билээ.

  Эмэгтэйчүүд охид хөвгүүд бэлгийн мөлжлөгт автаад байгаа нь дан ганц гаж донтонгууд гэхээсээ өнөөг хүртэл манай улс биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрч хуульчилахгүй байгаатай ч холбоотой. Биеэ үнэлэлт хууль бус болохоор хэтэрхий өндөр үнэтэй. Тиймээс үнийг нь төлж чадахгүй хэсэг бүлэг нь архидан согтуурсан эсвэл сексийн дур хүслээ хангахын тулд хүч сул дорой охид бүсгүйчүүд цаашлаад хөвгүүдийгч онилон дур хүслээ хангах нь цөөнгүй.

  Харин биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрч биеэ үнэлэгчдийг тогтмол эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг болсноор нуугдмал байсан биеэ үнэлэлт ил болж үнэ нь буурч орлого багатай хэсэг бүлэгт тэрхүү үйлчилгээг авах боломж бүрдснээр хүчирхийлэл тодорхой хувиар буурч болох талтай.

  Архийг сар бүрийн нэгэнд хорьж байхад архидан согтууралт буурахгүй өсөх хандлагатай байсан бол архийг сар бүрийн нэгэнт хорихоо больсноор анх удаагаа манай улсад архины борлуулалт буурсан дүн гарсан. Яг энүүн шиг юмыг хорьж боосноор асуудлаас зугтахгүй харин ч өөр асуудлуудын эхлэлийг тавьж буй хэрэг юм.

  Хүүхэд хамгааллын хувьд манай улс олон улсын гэрээ конвенцид нэгдэж олон улсын болон улсынхаа ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэгтэй болсон ч тэрхүү хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ конвенц нь төдийлөн үр ашигтайгаар хэрэгжихгүй байсаар.

  Сүүлийн өдрүүдэд гарцан дээр дайруулж, хойд эцэгтээ зодуулж үхлүүт болж, хойд эцгийнхээ гарт долоон настай хүү амиа алдаж, ээжтэйгээ хамт гурван хүүхэд угаартаж нас барж, ээжтэйгээ гарцан дээр дайруулж бэртэж, долоо болон таван настай хүүхдүүд эцэг эхийн хараа хяналт хайхрамжгүй байдлаас үүдэн гэртээ хоёулахнаа байхдаа унаж амь насаа алдаж, эцэст нь сургуулиасаа гэр рүүгээ такси барин яваад хулгайлагдаж одоог болтол олдоогүй байна зэрэг хүүхэдтэй хүүхдийн амь нас эрүүл мэндтэй холбоотой хэрэг тасрахгүй байгаагаас үүдэн намрын чуулган эхлээд удаагүй байгаа эдгээр өдрүүдэд УИХ-ын дарга өөрийн биеэр хэд хэдэн тоо баримт дурдаж хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар маргааш нээлттэй сонсгол хийхээ мэдэгдээд буй. Гэтэл түүний дурдсан тоо баримтууд сэтгэл сэртхийлгэм.

  Өнгөрсөн хугацаанд хүний наймааны хорин хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байж. Мөн сураггүй болоод сүүлийн хорин жилд олдоогүй хорин хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүд дунд хөөрхий Сэржмядаг охин ч багтана. Гэтэл хамгийн ойр хамгийн ихээр эрэл хайгуул болж тухайн үедээ л нийгмийг донсолгож байсан тэрхүү охины алга болсон хэргээс хойш Дорноговь аймаг төдийгүй улс орон даяар юу өөрчлөгдсөнгүй. Өдийг болтол аймгийн төвүүд бүрэн камержсангүй. Хотын гудмууд одоог болтол харанхуй камержуулалтгүй байсаар. Хэн ч энийг хөндөж дуугарсангүй шаардаж нэхсэнгүй. Харин хэрэг гарах бүрт л цаазын ял нэхсээр. Хууль хүчний байгууллага, шүүх засаглалдаа итгэдэггүй байж яг яах гэж цаазын ялыг шаардаад байгааг ойлгохгүй юм. Хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн гаж хүслээ биелүүлээд эрх мэдлээ ашиглан хэн нэгэнд хэргээ тохож хуурамчаар нотлох баримт бүрдүүлж чадах тийм нийгэм тийм цаг үе гэж улс орон даяараа хүлээн зөшөөрдөг байж. Үнэхээр цаазын ял бодит үр дүн авчирна гэдэгт итгэлээ гэж үү?

  Хэрвээ цаазын ял оноодог боллоо гэхэд хохирогчидийн цогцос олдохоо болих эрсдэл тодорхой хувиар ихсэнэ. Цогцосгүй бол хүний амь насанд хүрсэн гэдгийг батлах амаргүй. Тиймээс хүн хулгайлж барьцаалсан гэж эрүүгийн хуулиар зургаан жил орчмын ял аваад л дуусна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн хуулийн хүн хулгайлах гэмт хэрэгт ноогдуулах ял шийтгэлийн зүйл заалтууд.

 

1051дүгээр зүйл.Хүн хулгайлах

 

1.Хүн хулгайлсан нь хүн барьцаалах гэмт хэргийн шинжгүй бол зургаан жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг дараахь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлсан:

а/хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэж;

б/танхай буюу бусад жигшүүрт сэдэлтээр;

в/жирэмсэн эмэгтэй болон насанд хүрээгүй хүнийг хулгайлсан;

г/урьдчилан тохиролцсон бүлэг этгээд;

д/энэ гэмт хэргийг давтан үйлдсэн;

е/онц аюултай гэмт хэрэгтэн;

ж/хүний цус, эд, эрхтэнг авах зорилгоор; /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./

з/энэ хэргийн улмаас хүний амь болгоомжгүйгээр хохирсон буюу бусад хүнд хор уршиг учирсан бол долоогоос арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

/Энэ зүйлийг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн

  Хуульд ингэж заагдсан тул хэрэв цаазын ялыг сэргээсэн тохиолдолд хохирогчдын цогцосыг нуун дарагдуулах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй юм.

  Харин цаазын ялгүй өнөөгийн хууль ялын бодлогоо чангаруулах нь хохирогчдын амь эрсдэх нөхцөл байдлыг багасгаж гэмт хэрэгтэнд тохирох ял шийтгэлийг биеэр эдлүүлэх боломжтой болно. Гэмт хэрэгтэн үхэхээс илүүтэйгээр өөрийн биеэр ял эдэлж хийсэн хэрэгтээ гэмших нь хамгийн тохиромжтой шийдэл мөн юм.

  Үүн дээр нэмээд гэмт хэрэгтний бүх мэдээллийг нийтэд ил болгож хүний наймаа болон хүүхэд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бүх гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болон давхар өнцөг булан бүрийг бичсэн камержуулалттай болгох бүх машиныг хар хайрцагжуулах хэрэгтэй юм. Хөдөлгөөнт камерын хяналт ихэссэнээр хэрэг илрүүлэлт ч хурдан шуурхай болж хэргийн гаралт ч буурна. Үүгээр тогтохгүй амьдрах гэж ядарч яваа гэж нэгнээ өрөвддөг байдлаа больж хувиараа такси эрхлэгчдийг ч болиулж нэгдсэн систем бүртгэлд оруулж жи пи эс системээр хянадаг болох ёстойг арван хоёр настай охины алга болсон хэрэг тодорхой харууллаа. Харин бид сургамж авч өөрчлөгдөх үү эс өөрчлөгдөх үү гэдгээ шийдэх л үлдлээ. Эцэст нь эцэг эх сургууль боловсролын бйагууллага, хууль хүчний байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага харьялагдах яам тамгийн газар, засгийн газар, хууль тогтоох байгууллага гээд ирээдүй хойч болсон үр хүүхдүүдийнхээ өмнө хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгээ мөнхөд санаж явахыг хүсэх байна.

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26