Ирээдүйд хэрэгтэй усан цахилгаан станцууд

Энхбаясгалан | speaker.mn
2022-09-21 21:48:43

“Ирээдүй” гэдэг үгний цаана маш их сонирхолтой нууцлаг, тааж тааварлахын аргагүй учир битүүлэг зүйлс байгаа гэдэгт хүн төрөлхтөн итгэдэг. Хүн төрөлхтөн өнөөдөртөө амьдрах нь чухал гэдэг ч ирээдүйгээ харж амьдрах нь хүн төрөлхтний өнөөгийн хөгжлийн түлхүүр нь болсон. Улс орнууд өөрийн хөгжлийн загварыг баталж бодлогоо тодорхойлохдоо ирээдүйрүүгээ харж 5-аас дээш жилээр стратеги төлөвлөгөөгөө гаргадаг. Манай улс ч ялгаагүй “шинэ сэргэлтийн бодлого” буюу “алсын хараа 2050” хөтөлбөрийг батлан боловсруулж түүнийхээ дагуу улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэх урт хугацааны бодлогоо тодорхойлоод эхнээс нь том том төслүүдээ гацаанаас нь гаргахаар ажлаа эхлүүлээд явж буй. Тэгвэл улс орны хөгжлийг хурдасгадаг хамгийн чухал салбар бол бусдаас хараат бус бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй байх явдал юм. Иймийн тулд манай улсын хэрэгжүүлэхээр зорьж буй сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл болох “Эгийн голын усан цахилгаан станц” болон “Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцуудын” төслүүд нь манай улсын өнөөгийн эрчим хүчний салбар хийгээд ирээдүйн үсрэнгүй хөгжилд туйлын хэрэгтэй төсөл юм.

Манай улс шиг далайд гарцгүй хоёр том гүрний дунд геополитикийн хязгаарлагдмал бүс орчинд хоёр хөршөөсөө бүх зүйлээр хараат байх нь манай улсын хөгжлийг удаашруулах хийгээд тусгаар тогтнол улс орны халдашгүй дархан байдалд ч сөрөг үр дагавартай билээ. Гэрээ ачаад нүүгээд явчихаж болохгүйгээс хойш хоёр хөрштэйгөө хөл нийлүүлэн алхах хөгжлийн түлхүүрийг цаг алдалгүй атгаж авах нь хамгаас чухал юм.

Манай улсын хувьд эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүйн улмаас шаардлагатай эрчим хүчээ хойд хөршөөсөө өндөр үнэ төлж авдаг. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний дээрх хоёр төсөл хэрэгжсэнээр манай улс дотоодын хэрэгцээгээ өөрсдийн нөөц бололцоогоороо бүрэн хангахаас эхлүүлээд хоёр хөршдөө төдийгүй хоёр хөршөөрөө дамжуулан эрчим хүчний экспортлогч орон болох боломжтойг манай улсын ерөнхий сайд олон улсын эдийн засгийн хурал зөвөлгөөнүүд дээр мэдэгдсээр байгаа билээ.

 Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх нь баруун бүсээ найдвартай эрчим хүчээр хангаад зогсохгүй илүүдлээ төвийн шугамд нийлүүлэхээс гадна хойд хөршдөө экспортлох боломжтой үр өгөөжтэй төсөл юм.

Баруун таван аймаг 1 кВт эрчим хүчийг ОХУ-аас 280-315 төгрөгөөр худалдан авч байгаа бол энэ усан цахилгаан станц ашиглалтад орсноор 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцооллыг гаргасан. Эдийн засгийн хувьд ч, эрчим хүчний хараат байдлаас холдуулах өндөр  ач холбогдолтой тул Засгийн газар чармайлт гарган ажиллаж байна.  Одоо баруун таван аймаг эрчим хүчнийхээ 76 хувийг ОХУ-аас, үлдэх 24 хувийг Дөргөний УЦС-аас авч байна.

Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан мтанц ашиглалтад орсноор эрчим хүч импортлоход зарцуулагдаж буй дээрх 400 гаруй тэрбум төгрөг өөр хэрэгцээт төсөл хөтөлбөрүүдэд зарцуулагдах боломжтой болох юм.

2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төсөл хэрэгжих 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч 2021 онд төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл /“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited”/ шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан юм. Төслийг 61 сар буюу таван жил гаруйн хугацаанд гүйцэтгэхээр талууд тохиролцсон юм.

Малчны хүүхэд ирээдүйд ч малчин байх ёстой гэдэг уламжлалт ойлголтоосоо салаагүй цагт манай улс хөгжинө гэдэг хэцүү юм. Тэгвэл уг хоцрогдмол сэтгэхүйг баталж буй тодорхой жишээнүүдийн нэг бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эсэргүүцэж буй нутгийн малчид юм. Жилээс жилд бэлчээрийн даац хэтэрч бэлчээрийн хомстолд орж буй нь нүүдлийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу хүссэн хүсээгүй шилжих ёстойг байгаль эх өөрөө сануулж буй хэрэг. Дан ганц бэлчээрийн хомстол гэхээсээ илүүтэйгээр Дэлхий даяар нүүрлээд буй цэвэр усны хомстолд ч манай орон өртөх өндөр магадлалтай юм. Манай улсын хувьд 3811 гол горхи, 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шанд, 190 гаруй мөсөн гол, 250 гаруй рашаан, газрын доорх усны 139 орд газартай хэдий ч  усны нөөцийн 5.6 хувийг гол мөрөн, 82 хувь нь нуур, 10.4 хувь нь мөстсөн голд хамаардаг бол үлдсэн 2 хувийг гүний ус эзэлдэг юм. Харин сүүлийн 50 жилийн хугацаанд манай орны усны нөөц 40 орчим хувиар буурсан байна. Нийт усны хэрэглээний 16 хувийг мал аж ахуйд зарцуулагддаг энэ нь 200сая.м3 орчим ус хэрэглэдэг гэсэн үг юм. Манай орны ихэнх гол мөрөн гадагш урсгалтай байдаг бол цөөн хэдэн гол л гадагш урсгалгүй буюу бидний хэлж заншсанаар эх оронч гол хэмээн тодорхойлогддог. Үүний нэг болох Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол. Монгол Алтайн нурууны тэргүүн оргил Таван Богдын зүүн өмнөд мөсөн голоос эх авч урсах Цагаан ховд (Акау), Хар ховд (Каратыр) голыг Ховдын эх гэж үздэг. Энэ хоёр гол нь Хотон нуур, Хурган нууруудыг дайран олон гол горхи нийлүүлсээр Их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана. Монгол Алтайн Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит гэх мэтийн том нуурууд илүүдэл усаа Ховд гол руу цутгана. Ховд голын урт 516 км, талбай нь 58000 хавт.дөр.км болно. Усны унал км тутамд ойролцоогоор хоёр метр тул урсгалын хурд их юм. Голдиролын өргөн доошлох тутам нэмэгдэж 80-130 метр болж 1.5-3 метрийн гүн зонхилно. Ховд голын үндсэн цутгал голууд нь Цагаан, Сагсай, Буянт хэмээх том голуудаас гадна Согоо, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр гэх мэт голууд юм. Нийт ус хураах талбай нь 58 мянган км.кв болдог ба усны сүлжээний нягтшилын хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд төдийгүй Монголын бусад гол дотроо дээгүүрт орно. Ховд гол эхэн хэсэгтээ тэвш хэлбэртэй хөндийгөөр эртний мөстлөгийн морены хурдсанд хаагдаж тогтсон том жижиг олон нуур дамжин урсдаг. Алтайн сүрлэг уулсын ам хавцал бүрээс усждаг дээрх голуудад борооны уснаас гадна хур цас, мөсөн гол, гүний ус багагүй нэмэр хандив болдог байна. Ховд гол аравдугаар сард хөлдөж, дөрөвдүгээр сарын шувтаргаар хайлж, цэлмэдэг бол цутгал голуудын олонх нь ёроолгүй хөлддөг байна.

Жилээс жилд улам хурдацтай явагдаж буй Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс хамаарч Дэлхий даяар хэдэн мянган гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болсоор байна. Тэгвэл гол мөрөнүүдийг ширгэж үгүй болохоос хамгаалах тэр дундаа эх оронч гадагш урсацгүй гол мөрнүүдээ хамгаалахад хиймэл усан барьж байгуулах манай орны ундны усны нөөц бүрдүүлэлтэд ч ихээхэн ач тустай юм. Манай орны хамгийн сүүлийн жишээ гэхэд л Завхан голд түшиглэн барьж байгуулсан “Тайширын” усан цахилгаан станцаас үүдэлтэй хүний гараар бүтсэн хамгийн залуу нуур болох  Говь-Алтай аймгийн Тайшир суманд орших Гэгээн нуур юм. Улаан Боомын хавцалд 2008 онд “Тайшир гуулин” УЦС-ыг байгуулахын тулд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17,2 гаруй километр урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур бий болжээ.

Тус нууранд Завхан голд байдаг Монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болжээ. Үүнтэй адилаар Ховд голыг түшиглэн байгуулах “Эрдэнэбүрэнгийн” усан цахилгаан станц ашиглалтад ороход Гэгээн нуурын адилаар хүн мал ундаалах, усны шувууд амарч аж төрөх, олон төрлийн загас жараахай өсөн үржих бас нэгэн нуур бий болж Дэлхийд данслагдах нь гарцаагүй юм. Энэхүү төсөл хөтөлбөрийг нутгийн малчин иргэд элдэв янзаар эсэргүүцэж гацаалгүй үргэлжлүүлэх нь энэ мэтчилэн улс орон хийгээд өөрсдийнх нь үр хойчид асар их ач тустай юм. Усан сан үүсэж малчдын бэлчээр усан дор живнэ гэж буруу ташаа бодолгүй жилээс жилд тулгамдах бэлчээрийн хомстол цэвэр усны хомстол зэргээс хамаарч хэзээ нэгэн цагт эрчимсжсэн мал аж ахуй руу шилжихэд хэрэгцээтэй тог цахилгааны төсөлд өөрийн хувь нэмрээ оруулж ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэмээн бодох нь зүйд нийцнэ.

Угаас эрчимжсэн мал аж ахуй нь нүүдлийн мал аж ахуйгаас илүү үр өгөөжтэй төдийгүй малчдад тулгамддаг хүндрэлтэй зарим нэг асуудлуудыг шийдэж өгөх сайн талтай. Сүүлийн жилүүдэд хөдөө гарч мал маллах хүний тоо цөөрч байгаа нь хот суурингийн ажилгүйдлийн тоог нэмэгдүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга хоцрогдож буйн тод жишээ болж байна. Хот суурингийн хөгжилд дурласан залуу үе эргэж мал дээр гарахаас илтэд цааргалах болж. Энэ явдал улам бүр даамжирсаар байвал нүүдлийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих үйл явц тодорхой хэмжээгээр урагшлах юм. Гэтэл манай малчид өөрсдийн ирээдүйд чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэн зогсох нь зүйд нийцэмгүй явдал. Эрчимжсэн мал аж ахуйд зайлшгүй шаардалгатай зүйл бол тог цахилгаан. Харин манай улсын хувьд хойд хөршөөсөө хараат дээр нь хэзээ тог цахилгаан тасалдахыг таах аргагүй нөхцөл байдалд байгаа зэрэг нь иргэдийн аж амьдрал хийгээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл явдал болсоор өдийг хүрлээ.

Гэтэл уг төсөл хөтөлбөрийг дан ганц малчид эсэргүүцэж байна уу гэвэл бас өрөөсгөл. Тодорхой хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө малчдыг зориудаар турхирсаар байгаа нь харамсалтай.

Хэн нэгний өчүүхэн эрх ашгаас илүүтэйгээр улс орны эрх ашиг хамгийн түрүүнд тавигдах учиртайг тэдгээр хүмүүс ухаарч ойлгох хэрэгтэй юмсан.  

 

 

Comment System using PHP and Ajax

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


Сэтгэгдэл




Document
Fatal error: Uncaught PDOException: SQLSTATE[42S22]: Column not found: 1054 Unknown column 'date' in 'order clause' in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php:26 Stack trace: #0 /home2/speakgfq/public_html/fetch_comment.php(26): PDOStatement->execute() #1 /home2/speakgfq/public_html/comment.php(85): include_once('/home2/speakgfq...') #2 /home2/speakgfq/public_html/article.php(338): include('/home2/speakgfq...') #3 {main} thrown in /home2/speakgfq/public_html/fetch_comment.php on line 26